“ХӨГЖЛИЙН БЭРХШЭЭЛТЭЙ ИРГЭДИЙН ЭРХИЙН ЗАРИМ АСУУДАЛ” сэдвийн хүрээнд уралдаан цэнгээнт дэвжээ тэмцээн амжилттай боллоо
2016-03-29 ЗАЛУУЧУУДЫН ГЭР БҮЛИЙН БАЙНГЫН ХОРОО
Admin Admin 236

“ХӨГЖЛИЙН БЭРХШЭЭЛТЭЙ ИРГЭДИЙН ЭРХИЙН ЗАРИМ АСУУДАЛ” сэдвийн хүрээнд уралдаан цэнгээнт дэвжээ тэмцээн амжилттай боллоо

Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийг хамгаалах, тэдний талаарх олон нийтийн ойлголт, хандлагыг өөрчлөх, нийгмийн ажилтнуудын идэвхи, оролцоог нэмэгдүүлэх зорилготой “МЭРГЭЖЛЭЭ ХЭН САЙН МЭДЭХ ВЭ?” уралдаан цэнгээнт дэвжээ тэмцээнийг  “ХӨГЖЛИЙН БЭРХШЭЭЛТЭЙ ИРГЭДИЙН ЭРХИЙН ЗАРИМ АСУУДАЛ” сэдвийн хүрээнд 2016 оны 03-р сарын 21-ний өдөр Нийслэлийн Улаанбаатар чуулгын зааланд ХАХНХЯ, ХЭҮК, НХГБХГ, Ахиллис ОУБ,  Монголын Залуучуудын Холбоо Гэр бүлийн байнгын хороо зэрэг байгууллагуудтай хамтран амжилттай  зохион байгуулагдаж өндөрлөлөө.

           Энэ жилийн дэвжээ тэмцээний онцлог нь  олон улсын нийгмийн ажлын өдрийг тохиолдуулан хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийн асуудлаар зохион байгуулсанаараа онцлог юм. 

Энэхүү дэвжээ тэмцээнд нийгмийн ажилтан бэлтгэдэг их, дээд сургуулиас МУИС, МУБИС, АШУҮИС, ШУТИС, УЭИС, ЭОДС, ХНХДС-ийн нийт 7 багийн 56 оюутнууд амжилттай оролцлоо.
Дэвжээ тэмцээний шүүгчээр “Түгээмэл хөгжил” ТББ-ын тэргүүн Я.Авирмэд, СЗХҮТ-ийн эрдэм шинжилгээний ажилтан н.Өнөрзул, Ахиллис Монгол ОУБ-ын хөтөлбөрийн ажилтан Т.Наранцацралт нарын бүрэлдэхүүнтэй шүүгчид шүүлээ.
Тэргүүн байрыг МУИС-ийн “Эмпати” баг, 2-р байрыг АШУҮИС-ийн “Peaceful” баг, 3-р байрыг МУБИС-ийн “Нэгэн модны навчис” тус тус эзэлж өргөмжлөл, үнэ бүхий зүйлээр шагнагдсан бөгөөд Монголын Залуучуудын Холбоо Гэр бүлийн байнгын хороо тус бүр байр эзэлсэн багт Гадаад руу аялан жуучлах эрхийн бичгээр шагналлаа. Тус шагналыг Гэр бүлийн байнгын хорооны Нарийн бичгийн дарга Б.Солонго гардуулж өгсөн байна. Энх-Орчлон дээд сургуулийн нийгмийн ажлын  багш Г. Нансалмааг бусдыгаа манлайлан, удирдах чадвар, ажил хөдөлмөрийн үнэлж Монголын Залуучуудын Холбооны "Тэргүүний залуу " цол тэмдэгээр шагналаа.

Аль ч нийгэм ямар ч улсын нүүр царай нь оюутнууд. Тэдний бодол сэтгэмж, тэмүүлэл мөрөөдөл, авьяас билгээс яах аргагүй тухайн улсын ирээдүйн өнгө төрх тодордог. Энэ ч утгаараа тэмцээнд оролцсон оюутан залуучууд  чамгүй бэлтгэсэн гэдэг нь эхний мөчөөс тодорхой харагдаж байсан. 
   Ялангуяа багуудын жүжигчилсэн тоглолт хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд хамгийн ихээр тулгамдаж буй асуудлууд болон зөрчигдөж буй эрхийн олон асуудлыг ил гаргаж тэдгээр хүмүүст нийгмийн ажлын мэргэжлийн үйлчилгээг хүргэх нь ямар их ач холбогдолтой болон тэдний ирээдүйг гэрэлтэй тод өнгөөр харж байгаагаа жүжигчилсэн тоглолтоороо үзүүлж чадсан.
Оюутнуудын дундах энэхүү тэмцээн нь мэргэжлийн онцлог, агуулгыг гүнзгий таниулах, онолын мэдлэгийг бататган, оюутнуудын оролцоог дэмжиж, өрсөлдөх чадварыг бий болгосноор бие биенээсээ суралцаж, үзэл бодлоо хуваалцах боломжийг бүрдүүлж чадсан үр дүнтэй тэмцээн болсон.
Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд тулгамдаж буй тэдний эрхийн асуудлыг оюутнууд өөр өөрийн өнцгөөс харж авъяас, ур чадвар, мэдлэгээ гаргахын сацуу өрсөлдөөнтэй, нөхөрсөг уур амьсгалыг бүрдүүлсэн, нийгмийн ажилтан хүн хүний эрхийн төлөө, нийгмийн сайн сайхны төлөө ажилладаг үүрэг, мэргэжлийн ёс зүйтэй ажилтан байх учиртай гэдгээ харуулж чадсанаараа ихээхэн ач холбогдолтой болж чадсан.

Оролцсон нийт оюутнууд, багш нар, шүүгч, хамтран ажилласан байгууллагууддаа  талархсанаа илэрхийлье.

Сэтгэгдэл ачааллаж байна ..