ЗАЛУУ УРАН БҮТЭЭЛЧДИЙН III ЗӨВЛӨГӨӨНИЙГ НЭЭЖ МОНГОЛЫН ЗАЛУУЧУУДЫН ХОЛБООНЫ ЕРӨНХИЙ НАРИЙН БИЧГИЙН ДАРГА О.АЛТАНСҮХИЙН ХЭЛСЭН ҮГ
2016-05-23 ЗАЛУУЧУУДЫН ГЭР БҮЛИЙН БАЙНГЫН ХОРОО
Admin Admin 233

ЗАЛУУ УРАН БҮТЭЭЛЧДИЙН III ЗӨВЛӨГӨӨНИЙГ НЭЭЖ МОНГОЛЫН ЗАЛУУЧУУДЫН ХОЛБООНЫ ЕРӨНХИЙ НАРИЙН БИЧГИЙН ДАРГА О.АЛТАНСҮХИЙН ХЭЛСЭН ҮГ


Эрхэм уран бүтээлчид ээ.

Залуус аа, анд найз нар аа

Өнөөдөр Монголын нийгмийн 60 гаруй хувийг бүрдүүлж буй залуусын төлөөлөл, тэр дундаа Монголын “маргааш” болох мянга мянган залуусын үзэл санаа, оюун сэтгэлгээний түүчээ болсон уран бүтээлчид, чөлөөт сэтгэгчид энэ танхимд чуулаад байна.

Тэртээ 1989 онд Залуу уран бүтээлчдийн улсын II зөвлөгөөнийг МХЗЭ зохион байгуулж байжээ.  Өнөөдрийн III дугаар зөвлөгөөнийг ч Монголын залуучуудын холбоо залуу уран бүтээлчдийнхээ хүсэлтээр зохион байгуулж байна. Энэ зөвлөгөөнд залуу уран бүтээлчдийн улсын  хоёр  зөвлөгөөнд оролцож байсан уран бүтээлчдийг урилгаар оролцуулсан.

1989 оны II зөвлөгөөнд зураач, зохиолч, сэтгүүлчид гээд тэр үеийн түүчээ сэхээтнүүд хуран чуулж, тухайн нийгэм цаг үеийн байдлыг хурцаар шүүмжлэн, шинэчлэлийг эхлүүлж байсан түүхтэй. Чухам тэр зөвлөгөөнөөс хонхны дуу эгшиглэж, ардчиллын салхи сэвэлзсэн юм.

Өнөөдрийн Монголд худал үнэний байр солигдож, хүн чанар мөнгө хоёр байр сууриа булаацалдаж, үзэхүйн таашаалд, мэдэрхүйн жаргал дийлдэж, хүндлэл доромжлол хоёрын зай тун ойртож, шүүмжлэл үзэн ядалт хоёр хаяа хатавчаа нийлүүлсэн тухай ярьж бичдэг болжээ.

Мөнгөөр бүхнийг авдаг тухай гэнэн хэрнээ бодит ойлголт бүгдийг хага дайрч, ахмадыг хүндэтгэж тэднээс суралцах гэдэг ойлголт бэлгэ тэмдгийн шинжрүүгээ гулсаж нийгмийн залгамж чанар, сэтгэлгээний өв уламжлал неолиберализмд зайгаа харамгүй тавьж өгч байна.

 Ухаалаг шүүмжлэлийн орон зай багассаар, шүүмжлэл бол дайрч давшлах тухай, нарийндаа бол “ҮГҮЙСГЭХҮЙ” юм байна гэсэн аксиомчилсон ойлголт бий болсон.

Ёс суртахуун, ариун хайр дурлал, завгүйчлэлийн нэрийн дор завхайралд зайгаа тавьж өгч байна. Мөн завгүйчлэл гэр бүлийн хойморт зайгаа эзэлж, хүйтэн хөндий монетарист үзэл хүүхдийн хүмүүжил, гэр бүлийн халуун бүхнийг шахан тэлсээр байна.

Ном унших нь моод болж, зургаа авахуулах, постлох төдийхнөөр солигдож, утгийг нь ойлгож ухаарахуй алслан холдсоор байна.

Энэ бүхэн хүн амынхан 60 гаруй хувийг бүрдүүлж буй Монголд маань байгаа бодит зүйл.

Бид яах ёстой вэ? Ярьсаар, хараасаар, халгалсаар суух уу? Энэ бүхэн хэр удаан үргэлжлэх бол, ямар үнэ цэнээр алдаж байгаагаа нөхөх бол, хэдэн оюу толгой, хэдэн таван толгойгоор ёс суртахуун аа, хүндлэлээ, үндэсний өв уламжлалаа, бадрангуй дайчин омогшилоо эргүүлэн асаах бол оо?    

Энэ бол олон залуусын санаагаа чилээж, сэтгэлдээ халгалан боддог зүйлс юм аа.

Бүх зүйлд төгс хариулаад, төгс шийдээд явах боломж нөхцөл нь алга. Гэхдээ зөв зүг рүү, байгаагаа алдахгүй урагшлах нь чухал байна.

Аливаа улс үндэстний уран бүтээлчид нийгмээсээ нэг алхмын өмнө, нийгмийн бурууд нүд хурц байж, дэвшилтэт үзэл санааг олон нийтэд түгээж нийгмийг чиглүүлж байдаг.

Та бүхний луужин, торгон мэдрэмжид найдаж байна.

Энэ удаагийн зөвлөгөөн манай нийгмийн толь болж, Монголын маргаашийг илүү гэгээрлэгээр, бүтээлч үзэл санаагаар чимнэ гэдэг огтохон ч эргэлзэхгүй байна.

Зөвлөгөөний үйл ажиллагаанд амжилт хүсье.

Залуу уран бүтээлчдийн улсын III зөвлөгөөн нээснийг мэдэгдье.

Сэтгэгдэл ачааллаж байна ..