2018-11-29 ЗАЛУУЧУУДЫН ГЭР БҮЛИЙН БАЙНГЫН ХОРОО
Admin Admin 69

2017 онд 17530 үр хөндөлтийн тохиолдол бүртгэгджээ!

Эрүүл мэндийн хөгжлийн төвөөс өнөөдөр /2018.11.29/ “Нээлттэй хаалганы өдөрлөг” зохион байгууллаа. Тус өдөрлөгийн үеэр харилцагч байгууллагуудад хандсан арга хэмжээ төлөвлөж, донорын асуудлаар мэдээлэл өгөх, уулзалт зохион байгуулах зэргээр эрүүл мэндийн хэрэгцээт мэдээллийг олон нийтэд өгч ажиллав. Эрүүл мэндийн хөгжлийн төвөөс танилцуулсан эрүүл мэндийн салбарын байдлаарх дараах мэдээллийг онцлон хүргэж байна.

2017 оны байдлаар Монгол Улсын хүн амын дундаж наслалт 69.89 болж нэмэгдсэн ба эхийн эндэгдэл 2008 оны түвшингээс 22.1 хувиар, нялхсын эндэгдэл 6.0 хувиар буурч, сүүлийн жилүүд дэх хамгийн бага үзүүлэлтийг харуулсан байна. Түүнчлэн Монгол Улсад эмнэлгийн нэг оронд ногдох хүний тоо 130, нэг их эмчид ногдох хүний тоо 293 байгаа гэх ба 10000 хүн тутмын 2756 нь давхардсан тоогоор хэвтэн эмчлүүлэх эмнэлгийн тусламж үйлчилгээг авч, жилд 1 иргэн дунджаар 5-6 удаа амбулаторийн тусламж үйлчилгээ авсан байна. Энэ нь жилээс жилээс жилд тусламж үйлчилгээний хүртээмж өсч байгаа үзүүлэлт аж. 

Эрүүл мэндийн хөгжлийн төвөөс Монгол Улсын хүн амын эрүүл мэндийн үзүүлэлтийн нэгтгэсэн судалгааг 2017 оны байдлаар тоймлосныг дор товчлон харуулъя.

   Нялхас эндсэн тохиолдол 1009 бүртгэгджээ!
  • Нярайн эндэгдлийн нийт 647 тохиолдол бүртгэгдсэн.
  • Үүний 475 нь нярайн эрт үед /Амьдралын эхний 0-6 хоногт/, 172 нь нярайн хожуу үед /Амьдралын эхний 7-28 хоногт/ эндсэн байна.
  • Нэг хүртэлх насандаа эндсэн хүүхдийн 56.7 хувь нь эрэгтэй, 43.3 хувь нь эмэгтэй хүүхэд байжээ.
  • Харин тав хүртэлх насандаа 1244 хүүхэд эндсэн байна.

17530 үр хөндөлтийн тохиолдол бүртгэгджээ!

2017 оны байдлаар үр хөндөлтийн 17530 тохиолдол бүртгэгджээ. Үр хөндөлт өмнөх оноос 786 тохиолдлоор буюу 4.3 хувиар буурсан үзүүлэлттэй байна. Хувийн эмнэлэгт хийгдсэн үр хөндөлт өмнөх оноос 839 тохиолдлоор буюу 25.6 хувиар буурчээ. Үр хөндөлт хийлгэж буй эмэгтэйчүүдийг насны байдлаар авч үзэхэд 20-иос доош насныхан 5.3 хувь, 20-34 насныхан 70 хувь, 35-аас дээш насны эмэгтэйчүүд 24.7 хувийг тус тус эзэлжээ. Өмнөх онтой харьцуулахад 20-иос доош насны эмэгтэйчүүдийн үр хөндөлтийн түвшин 0.3 хувиар өссөн байна. 

28 төрлийн 44300 халдварт өвчнөөр өвчилсөн тохиолдол бүртгэгдэв

2017 онд улсын хэмжээнд 28 төрлийн халдварт өвчний 44300 тохиолдол бүртгэгдсэн нь өмнөх онтой харьцуулахад 25.363 тохиолдлоор буурсан үзүүлэлт юм байна.

  • Салхинцэцэг
  • Цусан суулг
  • Энтеровирүст халдвар
  • Тэмбүү
  • Улаан эсэргэнэ
  • Хачигт рикеттсиоз
  • Мөөгөнцөртөх
  • Суулгалт халдвар
  • Ёлом
  • Гоноккокт халдвар
  • Төрөлхийн тэмбүү
  • Цочмог А хепатит
  • Хачигт энцеофалит
  • Сальмонеллёз
  • Менингоккокт халдвар
  • Тарваган тахал 

Дээрх өвчлөлийн 59.9 хувь нь Улаанбаатар хотод бүртгэгдсэн байна. Бүртгэгдсэн халдварт өвчлөлийн 35.7 хувийг амьсгалын замын халдварт өвчин, 34.7 хувийг бэлгийн замаар дамжих халдвар, 23.8 хувийг гэдэсний халдвар, 0.9 хувийг цусаар дамжих халдвар, 1.4 хувийг зоонозын халдвар, 3.5 хувийг бусад халдвар тус тус эзэлжээ.

Бэлгийн замаар дамжих халдварын 15364 тохиолдол бүртгэгджээ

2017 онд бэлгийн замаар дамжих халдварын 15364 тохиолдол бүртгэгдсэнээс өнгөрсөн онтой харьцуулахад 400 тохиолдлоор нэмэгдсэн байна.  Нийт бүртгэгдсэн өвчлөлийн 28.8 хувийг заг хүйтэн, 43.4 хувийг тэмбүү, 27.6 хувийг трихомониаз, 0.2 хувийг ХДХВ/ДОХ өвчин эзэлжээ. 

 

Халдварт өвчний шалтгаант нас баралтын 117 тохиолдол бүртгэгджээ!

Нийт нас баралтын тохиолдлыг шалтгаанаар авч үзвэл 2017 онд сүрьеэ 80, төрөлхийн тэмбүү 13, вирүст хепатит 6, хачигт энцеофалит 5, ХДХВ/ДОХ 5, менингококкт халдвар 3, хачигт рикеттиоз 2,нярайн бактерт үжил 2, салхинцэцэг 1 тус тус бүртгэгдсэн байна.

 Монгол улсад хорт хавдрын 6073 шинэ тохиолдол бүртгэгдэв

Монгол Улсад 2017 онд хорт хавдрын 6073 шинэ тохиолдол оношлогдсон ба үүний 63.8 хувь нь орон нутагт, 36.3 хувь нь Улаанбаатар хотод бүртгэгдсэн байна. Шинэ тохиолдлын 3078 (50.7%) нь эрэгтэй, 2995 (49.3%) нь эмэгтэй байжээ. Элэгний хорт хавдрын 2312 шинэ тохиолдол бүртгэгдсэн нь нийт хорт хавдрын 38.1 хувийг эзэлж байгаа аж.

2017 онд 4004 хүн хорт хавдрын улмаас нас баржээ

Улсын хэмжээнд 2017 онд 4004 хүн хорт хавдрын шалтгаанаар нас баржээ (2262 эрэгтэй, 1742 эмэгтэй). Энэ нь нийт нас баралтын 25.4 хувийг эзэлж байна. Эрэгтэйчүүдийн дундах хорт хавдрын шалтгаант нас баралтын 40 хувийг элэгний хорт хавдар эзэлж байна гэсэн тоо баримт гарчээ.

Эх сурвалжийг www.zindaa.mn


Сэтгэгдэл ачааллаж байна ..