Нөхөн үржихүйн боловсрол бэлгийн замын өвчлөлөөс урьдчилан сэргийлнэ
2017-03-30 ЗАЛУУЧУУДЫН ГЭР БҮЛИЙН БАЙНГЫН ХОРОО
Admin Admin 332

Нөхөн үржихүйн боловсрол бэлгийн замын өвчлөлөөс урьдчилан сэргийлнэ

Мэдлэггүйн золиос, цэнгэлийн төлөөс.

15 настай сурагчаас ДОХ илэрсэн гэдэг мэдээ Монголын нийгэмд аюулын харанга дэлдэж баймаар юм, уг нь. Элдэв дуулианы хойноос хөөж, хуйлран цэцэрхэх дуртай нийгмийн сүлжээнд ч энэ мэдээлэл тэгтлээ “газар авч” гавьсангүй. Айсуй Цагаан сарын сурагт дарагдаж, тэгсхийгээд мартагдсан. Туйлын харамсалтай. 15 настай тэр сурагчийн цаана дөрвөн хавьтагч байгаагийн хоёр нь ангийнх нь хүүхэд гээд бодохоор амьдралын модноос дөнгөж нахиалаад буй өсвөр үеийнхнийхээ ирээдүйд халаглаад барамгүй.

Монголд өдгөө ХДХВ/ДОХ-ын 229 тохиолдол бүртгэгдээд байгаа бөгөөд тэдний дунд 15-19 насны 12 хүүхэд бий. Өнгөрсөн онд манай улсад бүртгэгдсэн бэлгийн замын нийт халдварт өвчинд өртөгсдийн 43.4 хувийг 15-24 насныхан эзэлж байна. Жилд дунджаар 4500 хүн зөвхөн тэмбүүгийн халдвар авдаг гээд багцаалахад ямархуу дүр зураг гарах нь тодорхой.

Нэг хүний цаана 3-5 хавьтагч байх магадлалтай гэдэг. Эдгээр тоо баримтыг харахаар өөрийн эрхгүй утсаа шүүрээд, өсвөр насны дүү нар руугаа залгаж, хаана, юу хийж явааг нь асууж шалгаамаар санагдана. Нээрээ тэд минь яаж “манаргаж” яваа бол...

Даанч бид өсвөр насны хүүхдүүдтэйгээ, дүү нартайгаа нөхөн үржихүйн эрүүл мэндийн боловсролын талаар, бэлгийн замын халдварт өвчний хор уршгийн тухай тэр бүр нээлттэй ярилцаж чаддаггүй. Нуулгүй хэлэхэд, өөрсдөө ч энэ талын ойлголт мэдлэгээр маруухан эцэг, эхчүүд бишгүй.

Ямар сайндаа л төрөлхийн тэмбүүгийн тохиолдол Монголд байнга өсөн нэмэгдэж буй гол шалтгаан нь жирэмсэн эмэгтэйчүүд эмчийн хяналтад эрт ордоггүй явдал гэнэ.

2016 оны байдлаар манай улсад төрөлхийн тэмбүүтэй 52 хүүхэд төрсний 30 нь эндсэн гэсэн харамсалтай баримт байна. Монголчууд антибиотикийг замбараагүй хэрэглэдгээс болоод тэмбүүгийн шинж тэмдэг илрэхгүй, далд хэлбэрт байдаг болжээ. Тэмбүүгийн халдвар нь оношлогдохгүй явсаар байвал эхээс урагт дамжин, алаг үрийг нь үхэл рүү зуурдаар түлхдэгийг ээжүүд сайн мэддэггүй гэхээр манайхны нөхөн үржихүйн боловсрол ямархуу байгаа нь харагдана.

Өөрсдөө иймэрхүү ойлголттой байж үр хүүхдэдээ юугаа ч заах юм билээ. Гэтэл өсвөр үеийнхний хамгийн их мэдэхийг хүсдэг зүйл нь бэлгийн замын халдварт өвчний талаарх мэдээлэл болон хүсээгүй жирэмслэлтээс хэрхэн хамгаалах тухай байдгийг Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын 108 дугаарын утсанд ирдэг дуудлагаас харж болно.

Манай улсад бэлгийн замын халдварт өвчин гаарч, тэр дундаа өсвөр үеийнхний дундах өвчлөл жил ирэх тусам нэмэгдэж буйг эмч, мэргэжилтнүүд анхааруулсаар байгаа. “Улаан тарианы үе” рүүгээ буцаад очих хэмжээнд хүрснийг ч “Өнөөдөр” сонин хоёр жилийн өмнө хөндөн бичиж байв. Тэр үед бас ч гэж “Нөхөн үржихүйн эрүүл мэнд үндэсний хөтөлбөр” (2012-2016) хэрэгжиж байсан юм.

Харин одоо бидэнд үүн шиг бодлогын томоохон баримт бичиг алга. Засгийн газрын үйл ажиллагааны 2016-2020 оны мөрийн хөтөлбөрт “Өсвөр үеийнхний нөхөн үржихүйн боловсролд анхаарна” гэсэн бүдэг бадаг тойм зураг байгааг эс тооцвол шүү дээ. Харин нэг авууштай зүйл нь сургуулийн эмч нарын ажлын байрны тодорхойлолтыг шинэчлэн батлахаар ЭМЯ, БСШУСЯ хамтран ажиллаж байгаа гэнэ.

Монголд охидын эмч бэлтгэх тогтолцоо алдагдаад буй ийм эгзэгтэй үед ядаж сургуулийн эмч нараар хийх ёстой ажлыг нь хийлгэж байж сурагчид эрүүл мэндийн наад захын боловсролтой болох учиртай. Сургуулиар дамжуулан хүүхдүүдэд эрүүл мэндийн боловсрол олгох нь манайд шигшигдэж үлдээд байгаа ганц арга зам гэж болно.

Эрүүл мэндийн хичээлийг бие даасан хөтөлбөрөөр дахиад оруулдаг болох сураг ч байсан. Ямартай ч энэ хоёр яамны хамтын ажиллагаанаас их зүйл шалтгаална гэдгийг бүү умартаасай.

Өсвөр үе, залуучуудад үзүүлэх эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний заавар, журмыг шинэчлэн боловсруулах, энэ чиглэлээр хүний нөөцөө бэлтгэх, давтан сургах зайлшгүй шаардлагатай байгааг Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төвийн ажилтан С.Гэрэлмаа хэлсэн. “НҮБ-ын Хүн амын сангийн дэмжлэгтэйгээр 21 аймаг, есөн дүүрэгт байгуулсан Өсвөр үе, залууст ээлтэй клиникийг цаашид аймаг, дүүргийн эрүүл мэндийн байгууллагын бүтцэд оруулан, тогтвортой ажиллуулах нөхцөлийг бүрдүүлэх нь чухал.

Их, дээд сургууль, коллеж, МСҮТ-ийн эмч нарыг нөхөн үржихүйн эрүүл мэндийн чиглэлээр сургалтад хамруулж, мэдээлэл сургалт, сурталчилгааны материал, нэн шаардлагатай эм, хэрэгслээр хангахад анхаармаар байна. Мөн Насан туршийн боловсролын төвийн сургалтын хөтөлбөрт нөхөн үржихүйн эрүүл мэндийн асуудлыг тусгаж, багш нарыг нь энэ чиглэээр сургалтад хамруулах замаар сургууль завсардсан хүүхэд, ажилгүй залуучуудад бэлгийн боловсрол олгох боломжтой” хэмээн тэрбээр ярилаа.

Энэ бүхний цаана явж явж хамгийн гол нь залуу гэр бүлүүдийн үнэнч, тогтвортой байдал маш чухал гэдгийг тэрбээр мөн онцолсон. Олон нийтийн мэдээллийн хэрэгслээр тохиолдлын бэлгийн хавьтлыг тэвчих, бие биедээ үнэнч байх тухай ярихын оронд бэлгэвч байнга сурталчилдаг нь өсвөр үеийнхэнд харин ч бүр бэлгийн харилцаанд эрт орох сэдэл төрүүлдэг байх магадлалтай гэдгийг нээрээ л бодмоор.Нөхөн үржихүйн боловсрол, мэдлэг тааруугийн улмаас цэнгэлийн мананд төөрөөд тэмтчин буй өсвөр үеийнхнээ буруу тийш замчлан хөтөлбөл жинхэнэ хорлол тэр болох бус уу.

Эх сурвалжийг http://unuudur.mn/article/95807



Сэтгэгдэл ачааллаж байна ..